Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Эм зүйн сургуулийн тулгын чулуу тавигдсаны түүхт 60 жилийн ойн босгон дээр Эм зүйн сургуультай ажил амьдарлаа холбож бидний бахархал болсон Монголын эм зүйн салбарын түүчээ үе үеийн эм зүйч, эм найруулагч та бүхэндээ ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эм зүйн сургуулиас төрөн гарч эм хангамжийн салбар, шинжлэх ухаан, боловсролын нэр хүндтэй бөгөөд ариун нандин үйлсэд билэг чадлаа зориулсан ахмад, дунд, залуу үеийн эрдэмтэн багш нар, төгсөгчид, алдартнууд, эмийн мэргэжилтнүүдийн ажил, амьдрал, бүтээл туурвил нь хойч үеийнхэндээ сайхан уламжлал, үлгэр жишээ болж байдаг билээ.
АШУҮИС-ийн Эм зүйн сургууль нь их сургуулийн менежмент, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны өөрчлөлт, шинэчлэлийн олон шинэлэг ажлаараа манлайлж, олон улсын түвшний судалгааны ажлуудыг гүйцэтгэж, шинэ мэдлэгийг бүтээн, эрдэм шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр сургалт судалгааны ажлуудыг амжилттай нэвтрүүлж байна.
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад хөл нийлүүлэн алхах эмийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь Эм зүйн сургуулийн хамт олны эрхэм үүрэг, ойр ирээдүйн зорилго болон тавигдаж байгаа юм.
Эрдэнэт хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чадварлаг эмийн мэргэжилтэн, энэрэхүйн үйлстэн, үндэсний хэмжээний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртөй биелүүлж, нотолгоонд суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг ханган өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж мэдлэг, чадвар, хамтын сэтгэл зүрхээ зориулан буй ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээн хийж бүтээх үйлсээрээ зорилгоо тодорхойлсон эм хангамжийн салбарын нийт эрдэмтэн багш, оюутан залуус, үе үеийн төгсөгчид, мэргэжилтнүүддээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.