Эм зүйч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын эмийн технологийн хичээлээр олж авсан мэдлэгийг гүнзгийрүүлэх, дэвшилтэт технологийн талаар мэдлэгтэй болгох, эмийн технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, эмийн үйлдвэрлэлийн талаарх мэдлэг, чадвар, хандлагын түвшинг сайжруулах зорилгоор Монгол Улсад Эм зүйн чиглэлээр сургалт явуулж буй их дээд сургуулийн Эм зүйн бакалаврын оюутнуудын дунд Эмийн технологийн хичээлийн сорил, гардан үйлдэлд суурилсан “ЭМИЙН ТЕХНОЛОГИЙН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД”-ыг 2 үе шаттайгаар 2025 оны 11-р сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус олимпиадын арга хэмжээг “Тавин ус ХХК” ивээн тэтгэж дэмжин ажилласан ба "Тавин Ус ХХК” нь олон улсын стандарт шаардлагуудыг хангаж, эрдэм шинжилгээ судалгаанд тулгуурласан чанарын баталгаатай, аюулгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, ариутгал халдваргүйтгэлийн бодис зэргүүдийг үйлдвэрлэж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, улсдаа эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн ажиллаж буй байгууллага юм.
Шүүгчээр:
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ЭЗУ-ны доктор, дэд профессор Д.Жамбанинж
ЭЗШУИС-ийн ЭЗУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эм зүйч Д.Оюунцэцэг
"Тавин Ус" ХХК-ын Чанарын баталгаажилтын менежер С.Алтанзаяа нар ажиллалаа.
Олимпиадын I-р шатны шалгаруулалтад АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Этүгэн их сургууль, Шинэ анагаах ухаан их сургууль, Монголын үндэсний их сургуулийн Эм зүйн бакалаврын 33 багийн 98 оюутан өөрсдийн мэдлэг ур чадвараа сорин оролцож, шилдэг 8 баг шалгарлаа. II-p шатны шалгаруулалтад шалгарсан 8 багийн оролцогчид эмийн технологийн хичээлийн сэдвийн хүрээнд гардан үйлдэл гүйцэтгэж, мэдлэг чадвараараа түүчээлсэн шилдэг 3 багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Pharmagirls” баг Тэргүүн байр - С.Лхагвасүрэн, А.Маралзаяа, А.Мөнхзул
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Techstorm” баг Дэд байр - Т.Аймен, Ч.Буджав, Д.Эмүжин
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “MedQ” баг Гутгаар байр - Ж.Аззаяа, Б.Санжид, О.Сумъяа нар тус тус эзэллээ.
Сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн, “Эмийн технологийн улсын анхдугаар олимпиад”-д оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурах их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг ерөөж, эрүүл мэндийн шилдэг мэргэжилтэн болохыг хүсье.

























































