БНХАУ-ын Нянжин хотноо 2024 оны 5-р сарын 16- 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ-ын Эм зүйн их сургуулийн зохион байгуулсан Эм зүйн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Боловсрол эрхэлсэн проректор, АУ-ны академийн гишүүн, академич, АУ-ны доктор, профессор Г.Батбаатар, Эм зүйн сургуулийн Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхимийн эрхлэгч ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбат, тэнхимийн багш ЭЗУ-ны магистр Б.Анхтуяа, Б.Мягмарсүрэн нар амжилттай оролцоод ирлээ. Хуралд профессор Г.Батбаатар зочин илтгэгчээр уригдан “The Historical Journey of Pharmacist Training at MNUMS, Mongolia” сэдэвт илтгэл танилцууллаа.
Энэхүү хурал нь “Олон улсын эм зүйн инновац хөгжүүлэлт”, “Уламжлалт болон байгалийн гаралтай эмийн шинэчлэл, хөгжүүлэлт”, “Эмийн үйлдвэрлэл, боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг нэгтгэх” гэсэн 3 дэд сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд нийт 33 улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 180 гаруй төлөөлөгчид оролцож 63 илтгэл хэлэлцэж Хятад улсын Эм зүйн их сургуулийн музей, лаборатори, эмийн үйлдвэр, эмнэлэгтэй танилцаж туршлага солилцлоо.
АШУҮИС нь БНХАУ-ын Эм зүйн их сургуультай хамтран ажиллах гэрээг 2011 оноос байгуулж, тус сургуульд Хятадын засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр Эм зүйн сургуулийн 8 төгсөгч магистр, докторын зэргээ амжилттай хамгаалсан ба одоогоор 4 төгсөгч докторын сургалтад, 2 төгсөгч магистрын сургалтад хамрагдаж байна.