орох

ЭМ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА-2026” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ГХЯ-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын эм зүйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмийн зохицуулалт, чанар, аюулгүй байдлын чиглэлээр харилцан туршлага солилцох зорилготой “Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага–2026” олон улсын хурал 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдлаа.

Pharmasciences

Тус хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр эхлэл тавигдсан хоёр улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан юм.

Хурлыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ), Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газар (URPL), Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эм зүйн сургууль хамтран зохион байгуулж, Монгол, Польш болон бусад орны 180 гаруй эм зүйч, эрдэмтэн судлаач, эмийн зохицуулалтын мэргэжилтэн, салбарын төлөөлөл оролцлоо.

Хурлын нээлтэд Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Войцех Мрозовски, БНПУ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын Ерөнхийлөгч Гжегож Цесак, АШУҮИС-ийн Ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, Эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Тэд Монгол, Польшийн эм зүйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгохын зэрэгцээ эм зүйн боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо

Хурлаар Монгол Улсын эмийн бүртгэл, үнэлгээ, бүртгэсний дараах тандалт, хяналтын тогтолцоо, эмийн чанар, аюулгүй байдал, Европын фармакопейн стандарт, ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний бүртгэл, уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүний зохицуулалт зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүлэв. Мөн эмийн хангамжийн тасралтгүй байдлыг хангах, шаардлагатай эмийн тогтвортой нийлүүлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. 

Pharmasciences

Польшийн талаас Гжегож Цесак Европын Холбооны ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний зохицуулалтын орчин болон Монгол-Польшийн хамтын ажиллагаа, Марчин Колаковски ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүнийг Европын Холбоо болон Польш Улсад бүртгүүлэх зохицуулалтын шаардлага, Павел Павловски Европын фармакопейн шаардлагын талаар тус тус илтгэл танилцууллаа. Люблин хотын Анагаахын Их Сургуулийн төлөөлөгч Виргиниа Кукула-Кох Европын фармакопейн монограф боловсруулах, чанарын шаардлага, шинжилгээний арга зүй, Polfa Tarchomin компанийн ТУЗ-ийн гишүүн Катажина Пиотровска-Радзевич эмийн үйлдвэрлэлийн туршлагын талаар танилцуулав. 

Pharmasciences

Монголын талаас ЭЭХХЗГ-ын дарга П.Алтанцэцэг уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүний зохицуулалтын өнөөгийн байдал, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн захирал, ЭЗУ-ны доктор, профессор Д.Даваадагва Монголын уламжлалт эмийн жорын түүхэн эх сурвалжийн судалгааны талаар илтгэл тавилаа.

Мөн эмийн зохицуулалт, чанар, аюулгүй байдал, хангамж, уламжлалт болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний чиглэлээр салбарын эрдэмтэн, судлаачид судалгааны ажлын үр дүнгээ аман болон ханан илтгэлээр танилцуулж, хэлэлцүүлэв.

Хурлын хүрээнд Польшийн төлөөлөгчид АШУҮИС-ийн Эм зүйн сургуульд зочилж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Талууд эм зүйн боловсрол, хамтарсан судалгаа, багш, оюутны солилцоо, академик түншлэлийг хөгжүүлэх боломжийг хэлэлцэв.

Ийнхүү Монгол, Польшийн эм зүйн салбарын төрийн болон мэргэжлийн байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эм үйлдвэрлэгчдийн төлөөлөл нэг дор чуулж, эмийн зохицуулалт, чанар, аюулгүй байдал, хангамж, уламжлалт болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүн, эм зүйн боловсрол, судалгааны чиглэлээр туршлага, мэдээлэл солилцсон нь хоёр улсын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын академик болон судалгааны түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!