орох

“ЭМ ЗҮЙЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖ–2026” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсын эм хангамжийн салбарын түүхт 103 жилийн ойг угтан “Эм зүйчийн мэргэжлийн чадамж–2026” тэмцээнийг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Эм зүйн мэргэжилтнүүдийн холбоо, Монгол Эм Импекс Концерн (МЭИК) хамтран зохион байгуулсан тус тэмцээнд нийт 10 багийн эм зүйн мэргэжилтнүүд оролцож, мэдлэг, ур чадвараа сорин, харилцан туршлага солилцлоо. Тэмцээн нь мэргэжлийн чадамжийг үнэлэхийн зэрэгцээ тасралтгүй хөгжлийг дэмжих, хамтран суралцах боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой байв. АШУҮИС-ийн Эм зүйн сургууль нь эм зүйн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, мэргэжлийн хандлагыг тасралтгүй хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эм зүйн тусламж, үйлчилгээг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгаа, хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг. Энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулсан Эм зүйн мэргэжилтнүүдийн холбоо, МЭИК-ийн удирдлага, хамт олон, мөн мэдлэг, ур чадвар, идэвх санаачилгатай оролцсон нийт багийн гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе! Монгол Улсын эм хангамжийн салбарын хөгжил, шинэчлэлийг түүчээлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн эм зүйч, эм зүйн мэргэжилтнүүддээ түүхт 103 жилийн ойн баярын мэнд өргөн дэвшүүлье. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе! 

Pharmasciences