АШУҮИС-ийн Эм зүйн сургуульд 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Эм найруулагчийн өдөр – 2026” өдөрлөгийг “More Than Just a Tech” буюу “Эм найруулагч – үүрэг нь үүнээс ч илүү” уриан дор зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчноо хамгаалах чиглэлээр PREVENT, USE, PROTECT, CARE гэсэн дөрвөн өртөө ажиллав. Оролцогчид тусгайлан бэлтгэсэн паспортаар өртөөнүүдээр аялж, интерактив даалгавар гүйцэтгэн, эрүүл мэндийн мэдлэгээ бататгалаа.
Мөн “Эм найруулагч би…” интерактив самбарт мэргэжлийн бахархал, үнэт зүйлээ илэрхийлж, харилцан санал бодлоо хуваалцав. Өдөрлөгийн үндсэн үйл ажиллагаанд 100 оюутан хамрагдаж, оюутнуудын бэлтгэсэн хүчилтөрөгчийн коктейль болон чацарганы жүүсээр тус бүр 150 оюутанд үйлчиллээ. Түүнчлэн оролцогчид Монгол Улсын Төрийн дууллыг хамтдаа дуулсан нь өдөрлөгийн онцлох үйл явдлын нэг байв.
Арга хэмжээний хүрээнд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн профессор, эм зүйн ухааны доктор Д.Энхжаргал эмийн мэргэжилтний ёс зүйн сэдвээр лекц уншиж, мэргэжлийн хариуцлага, ёс зүй, харилцааны соёлын ач холбогдлыг онцоллоо. Лекцэд оролцсон эм найруулагчийн I–III дамжааны оюутнуудаас дөрвөн азтан шалгаруулж, бэлэг гардуулав.
Энэхүү өдөрлөг нь эм найруулагчийн мэргэжлийн үнэ цэнэ, нийгмийн эрүүл мэндэд оруулах хувь нэмрийг таниулахын зэрэгцээ оюутнуудын идэвх оролцоо, багаар ажиллах, харилцах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Зохион байгуулагч: АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эм найруулагчийн тэнхимийн багш нар, -Эм найруулагчийн III дамжааны оюутнууд, -Эм найруулагч оюутнуудын “Leader Ph.T club” клуб.








































